Saturday, July 9, 2011

Хүүхдүүдэд цэвэр орчин бүрдүүлж өгчээ

 
              Нийслэлд төвийн шугам сүлжээнд холбогдоогүй  ерөнхий боловсролын найман сургууль байдаг бөгөөд эдгээр сургуулийн сурагчид бохир орчинд бие засдагаас болж халдварт өвчнөөр өвчлөх тохиолдол цөөнгүй гардаг.
Энэ асуудлыг БСШУЯ энэ онд багтаан шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд үүний анхныхыг хувийн хэвшлийнхний дэмжлэгээр шийдвэрлэлээ

            Байгальд ээлтэй дэвшилтэт технологиороо хүмүүсийн талархлыг хүлээж байгаа “Атмор” компанийн хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлан нийслэлийн төвийн шугаманд холбогдоогүй ерөнхий боловсролын 72-р сургуулийн гадна бохир системийг иж бүрнээр өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн хүлээлгэн өглөө. Уг гадна бохирыг хийснээр тус сургууль жилдээ бохирын зардалд 17,1 сая төгрөг зарцуулдаг байсныг 1,5 сая төгрөг зарцуулдаг болгож 15,6 сая төгрөгний хэмнэлттэй дэвшилтэт септик систем технологийг суурилуулсан байна. Уг системийг АНУ, Канад, Австрали, Европын холбооны орнуудад төвийн холболтгүй газар баригдсан барилгад өргөнөөр хэрэглэж байна.

           Манай орны хувьд дөрвөн жилийн өмнөөс “Атмор” компани анх уг системийг нэвтрүүлж эхлэсэн бөгөөд энэ хугацаанд Дэлхийн банкны санхүүжилтаар хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын 30 гаруй сургууль, Азийн хөгжлийн банкны санхүүжилтаар 10 гаруй сургуулийн бохирын асуудлыг шийдсэн байна. Хотын төвөөс зайдуу гэр хороололд оршдог Чингэлтэй дүүргийн 72-р сургуульд 1900 орчим хүүхэд сурдаг бөгөөд тус сургуулийн хамт олон эрүүл цэвэр орчинд ажиллаж,сурч хүмүүжих болсондоо баяртай байна гэжээ.


No comments:

Post a Comment